Холбогдох
English |

"Ардын Элч" Орон нутгийн иргэдийн байгууллага

Иргэний Боловсролын Төв ТББ-аас хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоо” төслийн хүрээнд 2004 оны 1 сард Сэлэнгэ аймгийн Ерөө суманд иргэд, төрийн албан хаагчид, өндөр настан нарын дунд  явуулсан сургалтын үр дүнд нутгийн иргэдийн өөрсдийн санаачлагаар “Ардын Элч” хэмээх нэртэй иргэдийн хөдөлгөөн байгуулагдсан юм. Уг хөдөлгөөн нь анх 25-н гишүүнтэй байсан бол одоо орон нутгийн иргэдийн сайн мэддэг олон хүнийг хамарсан хөдөлгөөн болж чадсан.

Одоо “Ардын Элч” хөдөлгөөн нь өөрийн сургалтын 2 давхар байртай идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Уг сургалтын төвдөө дунд сургууль төгсөөд ажил мэргэжилгүй байгаа залуучууд, иргэдэд зориулан өрхийн орлогыг нэмэгдүүлэх болон амьдрах арга ухаанд сургах, сурагчийн өөрийн удирдлагын байгууллагын, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэх мэт  гэсэн өргөн сэдэвтэй сургалт явуулж байна.  “Ардын Элч” хөдөлгөөн нь зөвхөн сургалт явуулаад зогсохгүй орон нутгийн хүрээнд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.

 Бидний уриа: МЭДЬЕ, ЧАДЬЯ, ХИЙЕ

"Өөрчлөлтийн Салхи" залуусын бүлэг

Өөрчлөлтийн Салхи залуусын бүлэг нь Иргэний Боловсролын Төв ТББ-ын “Иргэний боловсролоор залуучуудыг чадавжуулах нь” төслийн хүрээнд тус төвийн дэргэдэх залуусын клуб болон 2012 оны 11-р сарын 10-нд байгуулагдсан. Энэхүү клуб нь залуусын дуу хоолойг зохих шатны байгууллагуудад нь хүргэх бөгөөд нийгэмд тулгарч буй асуудлуудыг өөрсдийн хүчээр "төрийн бодлогод" нөлөөлөх замаар шийдвэрлэх юм. Өөрчлөлтийн Салхи нь ашгийн бус, нам төрийн бус залуусын үзэл бодлын төлөө клуб юм.

Бидний уриа: It’s gonna be Okey. Хамтдаа өөрчилье!

"Минжийн Хангай" орон нутгийн иргэдийн бүлэг

Сэлэнгэ аймгын Ерөө сумын Бугантын хүүхдүүд, идэвхтэй иргэд "Минжийн Хангай" байгууллагыг байгуулж өөрсдөө асуудлаа шийдвэрлэхэд оролцдог болох зорилт тавьж эхний ээлжинд тосгондоо интернеттэй болох зорилт тавин ажиллаж эхэллээ.

"ДемоКрэйзи" залуусын төв

ДемоКрэйзи залуусын төвийг 2008 оноос өрнөсөн “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!”залуусын аяны суурин дээр хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, залуусын хувийн хөгжил, ардчилал, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх замаар нийгмийг эерэгээр өөрчлөхийн төлөө залуусын активизм, хөдөлгөөнийг өрнүүлэх зорилгоор үүсгэн байгуулсан билээ.

Энэхүү төв нь залуучуудад иргэний боловсролын мэдлэг, чадварыг олгох замаар өөрсдийн тулгамдсан асуудлыг олж харан тодорхойлдог, түүнийг шийдэх арга замыг судлан олж, төрийн бодлогоор дамжуулан асуудлаа шийдвэрлэж чаддаг  ардчилсан орны идэвхитэй оролцоотой иргэн болоход нь нөлөөлөх зорилготой.

Бидний уриа: Ардчилалд ухаантай хайртай залуусын төв ДемоКрэйзи

Монголын Залуучуудын Эвсэл

Монголын Залуучуудын Эвсэл (МЗЭ)  нь төр, олон улсын байгууллагууд, хувийн хэвшил болон залуусын хамтын ажиллагааг хангах гүүр болж залуучуудын бодит оролцоонд тулгуурлан, нийгэмд эерэг өөрчлөлтүүдийг хийж, харилцан суралцаж, хамтран хөгжих боломжийг олгож буй залуучуудын сайн дурын нэгдэл юм.

2013 оны 11-р сарын 26-ны өдөр хүүхэд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 16 байгууллага нэгдэн Монголын Залуучуудын Эвслийг байгуулах санамж бичигт гарын үсэг зурснаар үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 32 гишүүн байгууллагыг нэгтгэн үйл ажиллагаагаа явуулж байна. 

Бидний уриа : Харилцан суралцаж Хамтдаа хөгжье