Холбогдох
English |

“ИРГЭН ТӨСӨЛ”-ийн Үндэсний шалгаруулалт Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний танхимд боллоо.2018/4/20

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр World Learning, Иргэний Боловсролын Төв хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв 2016 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байна.   

Төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн зорилго нь Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид зориулсан иргэний боловсролын сургалтын бүтээгдэхүүн боловсруулан түгээн дэлгэрүүлэх, багш нарт зориулсан сургалтууд зохион байгуулах, “Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлэх зэрэг болно. 

Манай байгууллага дээрх зорилгын хүрээнд 2016 оноос 140 багш бэлтгэн, 2017-2018 оны хичээлийн жилийн туршид 13 аймгаас “Иргэн төсөл”-д оролоцохоор саналаа ирүүлсэн 70 сургууль дээр уг төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нийт 2981 хүүхэд энэхүү төслийн аргачлалд суралцаад байна. 

“Иргэн төсөл”-д оролцсон хүүхдүүд өөрсдийн асуудлыг тодорхойлон, асуудалд бүтээлч шүүмжлэлтэй,  нотолгоо баримтад суурилан хандаж, энэ асуудлаар төрөөс явуулж буй бодлогод дүн шинжилгээ хийж, өөрсдийн бодлогыг санал болгон төртэйгээ хамтран асуудлаа шийдвэрлэх, иргэний үүрэг хариуцлагыг таньж мэдэн, идэвхтэй, хариуцлагатай иргэн болон төлөвшдөг онцлогтой.

 Тус төслийн эхний хоёр шатны шалгаруулалт сургууль, аймаг тус бүрт явагдсан ба 13 аймгийн 47 сургууль, Улаанбаатар хотын 23 сургуулиас шалгарсан 12 баг 2018 оны 4-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо Ерөнхийлөгчийн Иргэний танхимд зохиогдох Үндэсний шалгаруулалтад оролцон хийсэн ажлаа тайлагналаа. Ховд аймгийн Цаст Алтай сургуулийн баг, Үенч сумын ЕБС-ийн баг, Өвөрхангай аймгийн Мэргэд цогцолбор сургуулийн баг, Бат-Өлзий сумын ЕБС-ийн баг, Дорнод аймгийн 5-р сургуулийн баг,  Орхон аймгийн 13-р сургуулийн баг, нийслэлийн СБД –ийн 29-р сургууль, 58-р сургууль, БЗД-ийн Амгалан цогцолбор, 92-р сургуулийн багийн нийт 60 багш сурагчид оролцов. Иргэн төслийн шалгаруулалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга болон АНУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч  ноён Мануэл П. Микаллер нар нээж үг хэлэн оролцогчдод урам зориг өгсөн билээ.  

Монгол улсын Ерөнхийлөгч Х. Баттулга  оролцогч хүүхдүүдийг  Есөн хөлт цагаан тугын өмнө зураг авахуулахыг урьж өөрийн гарын бэлгийг ирүүлсэн нь гэнэтийн бэлэг байлаа.

Оролцсон 12 багаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны ЕБС-ийн “Минжийн хангай” баг 1-р байр, нийслэлийн СБД –ийн 29-р сургуулийн “Хөгжил дэвшлийн эхлэл” баг 2-р байр, Орхон аймгийн 13-р сургуулийн “Тэмүүлэл” баг 3-р байранд шалгарч төслөө хэрэгжүүлэх дэмжлэг мөнгөн шагнал болон батламжийг гардан авлаа.

“Иргэн төсөл”-ийг хэрэгжүүлсэн 68 сургуулийн багш, сурагчид нийтдээ 83 асуудал сонгон авч 2017-2018 оны хичээлийн жилд ажиллаж байгаа бөгөөд одоогоор 35 асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд бусад асуудлыг шийдвэрлүүлэхээр хүүхдүүд, багш нар маань ажилласаар байна.

СЭТГЭГДЭЛ (0)