Холбогдох
English |

LEAD Mongolia хөтөлбөрийн нийгэмд үзүүлсэн үр нөлөөг илтгэх тайлан.2019/1/18

LEAD Mongolia хөтөлбөрийн тухай

LEAD Mongolia нь 5 жилийн хугацаатай хөтөлбөр бөгөөд залууст иргэний боловсролын агуулга бүхий сургалт, олон улсын солилцооны хөтөлбөрт хамрагдан, манлайллын ур чадвараа хөгжүүлэх төрөл бүрийн боломжийг олгодог юм. Манай хөтөлбөр дараах үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

LEAD Alliance нь Монголын залуу манлайлагчдыг ижил үнэт зүйл бүхий үе тэнгийн ази залуустай нэгтгэж, бүсийн хэмжээнд хамтран ажиллах, мөр зэрэгцэн манлайлах нөхцөл бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ Монгол Улсын ардчилалд тайван замаар шилжсэн түүх, туршлагыг бусад орны оролцогч залуустай хуваалцах, үлгэрлэх өвөрмөц боломж юм.

Хамтрагч байгууллага:Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн Монгол дахь төлөөлөгчийн газар

Ахлах ангийн иргэний боловсролын хөтөлбөр нь хүүхэд залуусыг иргэний амьдралд идэвхтэй, урам зоригтой оролцуулах зорилготой. Суралцаж байгаа сургууль төдийгүй оршин суугаа орон нутгийн нөхцөл байдлаа сайжруулахын тулд сурагчид өөрсдөө үйл ажиллагаа санаачилж, шилдэг санаа төслийг тодруулдаг.

Хамтрагч байгууллага: Иргэний Боловсролын Төв төрийн бус байгууллага

LEAD Mongolia нь Монгол Улсын төрөл бүрийн салбарт манлайлан ажиллаж байгаа 230 орчим чадварлаг залууст хөтөлбөрт
хамрагдан өөр хоорондоо танилцан нөхөрлөх, хүрээгээ тэлэх, нийгэмд тулгамдаад байгаа асуудалд хүчээ нэгтгэн эергээр өөрчлөх боломж олгох зорилго бүхий эрчимжүүлсэн хөтөлбөр юм.

Ахлах ангийн иргэний боловсрол

Монголын шинэ үеийн залуус ардчиллын үнэ цэнд эргэлзэж буй энэ цаг үед иргэний боловсролын ач холбогдол нэн чухал. Иргэний боловсрол дунд сургуулийн ахлах ангийн зайлшгүй орох сургалтын хөтөлбөрт багтаагүй бөгөөд багш нар ч энэ сэдвийг заах хангалттай аргачлал олгох сургалтад хамрагдаагүй байдаг. LEAD хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн монгол сурагчдад зориулсан иргэний боловсролын тусгай хөтөлбөр, сурах бичиг боловсруулан, хичээлд нь ашиглахаас гадна сурагчдыг орчин
тойрондоо тулгарсан асуудлаа шийдвэрлэх чадвартай, оролцоотой иргэд болгох зорилготойгоор хичээлээс гадуурх олон ийтийн
ажлуудад оролцуулж байна. LEAD хөтөлбөрийн хүрээнд бид дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан 4 хэсгээс бүрдэх “Ардчиллын үндэс” иргэний боловсролын сурах бичгийг бэлтгэн гаргасан юм. Бид 2016 оноос хойш Монгол орны өнцөг булан бүрийн 242 дунд сургуулийн 428 багшийг энэхүү сурах бичгийг ашиглан иргэний боловсрол олгох арга зүйн сургалтад хамруулаад байна. Мөн уг сурах бичгийг 2,100 хувь хэвлэн сургуулиудад хүргүүлжээ.

Ахлах ангийн иргэний боловсрол тоон үзүүлэлтээр

242 дунд сургуулийн 458 багш
“Ардчиллын үндэс” сурах бичгийг
ашиглан иргэний боловсрол олгох
арга зүйн сургалтанд хамруулсан.

Нийт 11 аймгийн 70 дунд сургуулийн
2,981 сурагч “Иргэн төсөл”-д
оролцсон.

2,100 ширхэг “Ардчиллын үндэс” ном
Монгол орны өнцөг булан бүрийн
242 сургуульд хүргэсэн.

Түүнээс гадна дэлхийн 60 гаруй оронд ашигладаг “Иргэн төсөл” нэртэй оролцоонд суурилсан аргачлалыг нэвтрүүлэв. Уг аргачлал нь сурагчдад өөрсдийн орчин тойронд тулгарсан асуудлаа тодорхойлох, шийдвэрлэх, сайжруулах санал санаачилга
дэвшүүлэх, улмаар шийдвэр гарган өөрчлөх чадваруудыг олгодог.

“Иргэн төсөл”-д нийт 11 аймгийн 70 сургуулиас 140 багш, 2,981 сурагч хамрагджээ. 2018 оны 3 дугаар сард Улаанбаатар хотноо анх удаагаа “Иргэн төсөл”-ийг үндэсний хэмжээнд шалгаруулж, хот, орон нутгийн нийт 12 баг сургууль болон
нийгэмдээ авчирч байгаа эерэг өөрчлөлт, шийдлээрээ өрсөлдсөн билээ. Хөтөлбөрийн “Ардчиллын үндэс” сурах бичиг, “Иргэн төсөл” аргачлал нь нийгмийн ухааны багш нарт оролцоотой иргэдийг бэлдэх заах арга зүйг олгох зорилготой. Бид дараагийн ээлжид “Ардчиллын үндэс” сурах бичгийг нэмж хэвлүүлэх, мөн ахин 100 дунд сургуулийн багш нарыг сургалтад хамруулж арга зүйг нь дээшлүүлэх зорилт тавин ажиллаж байна. Үүнээс гадна “Иргэн төсөл” улсын уралдааныг уламжлал болгон зохион байгуулж, нийгэмдээ тулгарсан асуудлыг шийдвэрлэх санаачилгатай зуу, зуун хүүхэд залуусыг дэмжиж ажиллах болно.

ТӨСЛИЙН ТУХАЙ

Идэвхжсэн сурагчид: Орчноо өөрчлөн сайжруулах чадавх Улаанбаатар хотын 29 дүгээр тусгай дунд сургууль нь сонсголын
болон хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан улсдаа цорын ганц тусгай сургууль юм. Хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдэд зориулсан хичээлийн агуулга, хөтөлбөр Монгол Улсын боловсролын бодлогод цогцоор тусгаагүйн улмаас шаардлагатай хөрөнгө, санхүүгийн бэрхшээл тус сургуулийнханд үргэлж тулгардаг. Тус сургуулийн 20 сурагч “Иргэн төсөл”-д оролцсоноор чанартай боловсрол эзэмших эрхийнхээ төлөө сурагчид өөрсдөө чадавхжин, асуудлыг өөрчлөхөөр нөлөөлж
эхлээд байна. Тус сургуулийн багш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн төлөө тэмцэгч Б.Туул иргэний оролцоог ахлах ангийн сургачдад заах арга зүйг LEAD Mongolia хөтөлбөрийн сургалтаас авч, “Иргэн төсөл”-д сурагчдынхаа хамт нэгджээ. Багш, сурагчид тулгарч буй асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэх зорилготой “Иргэн төсөл”-ийн хүрээнд тэд эхний ээлжинд сургуулийнхаа хамгийн тулгамдсан асуудлуудыг эрэмбэлэн тодорхойлох нэгдсэн судалгаа явуулсан байна. Тулгамдсан асуудлуудын нэг нь “Тус сургуулийн хичээл хоорондын завсарлагааны дохио нь хонх” гэж гарчээ. Гэтэл уг сургуулийн сурагчид сонсголын бэрхшээлтэй тул хонхыг сонсож чадахгүй. Төслийн багийнхан асуудлаа тодорхойлмогц өөрсдийн эрх, үүрэг, нөөц бололцоогоо судалсан. Мөн тодорхойлон гаргасан асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд олон нийтийн дэмжлэгийг авч, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагуудтай ч уулзаж амжсан байна. Тэдний асуудлыг шийдвэрлэх санаачилга үр дүнд хүрч, 29 дүгээр сургуулийн завсарлагааны хонхыг анивчдаг гэрлээр солихоор болсон юм. Ийнхүү сурагчид хичээлээс хоцрох зэрэг асуудал буурахаас гадна аюул осол, онцгой байдлын дохио өгөхөд сурагчид мэдэхгүй өнгөрөх эрсдэлгүй болжээ. Уг гэрлэн төхөөрөмжийг суурилуулахад шаардлагатай 10 сая төгрөгийг Б.Туул багш, түүний сурагчид Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас санхүүжилтийг хүсэж, гаргуулахаар болсон байна. Хийсэн ажлынхаа хүрээнд тэд мөн Ийгл телевизийн нэвтрүүлэгт оролцож хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тулгардаг бэрхшээлийг нийт монголчуудын сонорт хүргэж чаджээ. “”Иргэн төсөл” байгаагүй бол уг асуудал шийдэгдэхгүй байх байсан. Сурагчид маань одоо сургуульдаа болон нийгэмдээ өөрчлөлт авчрах хэмжээнд чадавхжсан нь маш авууштай” хэмээн Б.Туул багш бидэнд хэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ (0)